ОХУ-ын Буриад улсын Боловсролын Яам, Техникум, коллежуудын захирлуудын зөвлөлийн ивээл дор 2019.04.10-нд Буриад улсын Улан-Үдэ хотноо зохион байгуулагдсан “Ступени мастерство” сэдэвт олон улсын оюутны илтгэлийн уралдаан амжилттай явагдаж өндөрлөв.
Олон улсын оюутны илтгэлийн уралдаан нь Буриад улсын Улан-Үдэ хотын “Барилга, хотын аж ахуйн техникум” дээр зохион байгуулагдсан бөгөөд тус уралдаанд ОХУ-ын Буриад улсын 21 техникум, коллеж, Эрхүү мужийн 5 техникум, коллеж, За байкальский хязгаарын 3 техникум, коллеж, Монгол улсын Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж зэрэг мэргэжлийн боловсролын салбарын 29 сургалтын байгууллагын 117 оюутан оролцлоо.
Тус уралдааныг нээж ОХУ-ын Боловсролын сайд Дамдинов, Буриад улсын их сургуулийн түүхийн багш, доктор профессор Балжинимаа, Барилга хотын аж ахуйн техникумын захирал Батоцыренов, Техникум коллежуудын захирлуудын зөвлөлийн ерөнхийлөгч Якимов нар үг хэлж, оролцогчдод баяр хүргэн, амжилт хүслээ.
Оюутны олон улсын илтгэлийн уралдаан нь 5 секторт хуваагдсан явагдсан бөгөөд “Шинжлэх ухаан танин мэдэхүй”, “Миний соголт-миний мэргэжил”, “Мэдээллийн технологи”, “Эдийн засаг, бизнес аж ахуй эрхлэлт”, “Дэлхийг өөрчилсөн хүн” зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав.
Барилгын политехник коллежийг төлөөлж манай хоёр оюутан тус илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон бөгөөд Монгол хэлний багш Х.Сүнжидмаагын удирдсан суралцагч Ц.Төгөлдөр /Ца 2Б анги/ “Миний сонголт-миний мэргэжил” сэдвээр оролцож тусгай байр, Сантехникийн багш О.Ариунжаргалын удирдсан суралцагч Н.Даваадорж /СТех 1а анги/ “Сантехникийн ажил – ном, түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр оролцож II байранд шалгарлаа.
Мөн уралдаанд оролцсон нийт оюутнуудын дунд явагдсан “Эрүүл мэндийн фестивал” уралдаанд Ц.Төгөлдөр, Н.Даваадорж нар нэг баг болон амжилттай оролцож, тэргүүн байранд шалгарчээ.
Олон улсын хэмжээний оюутны илтгэлийн уралдаанд амжилттай оролцож, Монгол улсын болон өөрийнхөө сургуулийн нэрийг өндөрт өргөөд ирсэн оюутан суралцагчид болон удирдсан багш нарт нь баяр хүргээд цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА