Барилгын политехник коллежийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлтэнд нь дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Амжилттай төгсөлт-Ажлын байр” өдөрлөг 2018 оны 11 сарын 29-ны өдөр манай сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ өдөрлөгт мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын төгсөх 23 ангийн 200 гаруй суралцагчид оролцов.
Тус өдөрлөгт Дабль пирамид констракшн ХХК, Эрдэнэт орчлон ХХК, Гексаэдр клауд ХХК, Ди Юу Би Би ХХК, Эко констракшн ХХК, Жигүүр гранд ХХК, Эрдэнэ ремикс ХХК, ШТБ, Гоц Аз ХХК зэрэг 34 ажил олгогч байгууллага оролцсоноос гадна БГД-ийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар эрдэм их сургууль, Техник технологийн дээд сургуулиудын төлөөлөл хүрэлцэн ирлээ.
БГД-ийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ж.Очирхүү “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн талаар, мөн “Ажил олгогчийг дэмжих үйл ажиллагаа”-ны талаар танилцуулга хийлээ.
Гоц Аз ХХК-ны захирал Ж. Оюунцэцэг, Дельта констракшн ХХК-ны Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Болд нар өдөрлөг зохион байгуулж байгаад талархаад, компанийхаа сул орон тооны талаар мэдээлэл өглөө.
Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд манай суралцагчдыг амжилттай төгсөөд хүрэлцэн ирж ажиллахыг урьж, сул орон тооны талаар мэдээлэл өглөө. Үүний зэрэгцээ ажлын ярилцлага хийж, ажилтны анкет бөглүүллээ:
Өдөрлөгт оролцсон 34 ААН байгууллагын хувьд дараах ажлын байр сул байна. Үүнд:
- Барилгын засал чимэглэлчин-121
- Бетон арматурчин-83
- Барилгын өрөг угсрагч-67
- Барилгын мужаан-92
- Барилгын цахилгаанчин -107
- Барилгын сантехникч-31
- Гагнуурчин-27
- Халаалт агааржуулалт тоног төхөөрөмжийн засварчин-12
- Металл боловсруулах машины оператор/токарь,фрезер/ -5
- Автомашины засварчин-8