Алба, хэлтэс
Салбар, нэгжүүд
мэргэжил, сургалт
e-TVET 1.0 систем
харилцагчид

МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны ээлжит IX бага хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулан батлав.

2011.05.06

 МОНГОЛЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

 Гарчиг

Нэгдүгээр бүлэг

Нийтлэг үндэслэл

Хоёрдугаар бүлэг

Холбооны зорилго

Гуравдугаар бүлэг

Гишүүнчлэл

Дөрөвдүгээр бүлэг

Удирдлага, зохион байгуулалт

Тавдугаар бүлэг

Гүйцэтгэх зөвлөл

Зургаадугаар бүлэг

 

Гүйцэтгэх хороо ба сонгуульт албан тушаалтнуудын эрх, үүрэг

Долоодугаар бүлэг

ҮЭ-ийн хороод ба бүлгүүд

Наймдугаар бүлэг

Татвар, санхүү, өмч хөрөнгө

Есдүгээр бүлэг

Сонгууль

Аравдугаар бүлэг

 

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах, өөрчлөх

Арван нэгдүгээр бүлэг

Холбоог нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах

 

Нэгдүгээр бүлэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.     Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн Холбоо нь хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор энэхүү дүрмийн дагуу сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын байнгын үйл ажиллагаа бүхий чөлөөт ардчилсан нэгдэл мөн.

1.2.     Холбоо нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчим баримтална:

                    1.2.1 Ардчилсан, ил тод, шударга байдал

                    1.2.2 Эв санааны нэгдэл

                    1.2.3 Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх

                    1.2.4 Нийгмийн түншлэл

                    1.2.5 Өөрийгөө удирдах, санхүүжүүлэх

                    1.2.6 Хамтын удирдлага

1.3.     Холбооны нэр нь ”Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн Холбоо” (цаашид Холбоо гэнэ) Товчилбол МБШУҮЭХ англи хэл рүү орчуулбал Federation of Mongolian Education and Science Unions /FMESU/ болно.

1.4.     Холбоо нь ҮЭ-ийн бусад мэргэжлийн холбоод болон ижил зорилготой олон улсын ҮЭ-ийн байгууллагуудтай хамтран ажиллах ба олон улсын байгууллага, Монголын ҮЭ-үүдийн Үндэсний төвд гишүүнээр элсэх, татгалзах эрхтэй.

1.5.     Холбоо нь төр, аливаа улс төрийн нам, эзэд, аж ахуйн байгууллагаас хараат бус, Монгол улсын Үндсэн хууль ба бусад хууль, Олон улсын эрхийн хэм хэмжээ, энэхүү дүрмийн хүрээнд  үйл ажиллагаагаа чөлөөтэй бие даан явуулна.

1.6.     Холбоо нь өөрийн хэвлэл, далбаа, албан бичгийн хуудас, онцлох тэмдэгтэй байна.

1.7.     Холбоо нь МҮЭХ-ны төв байранд үйл ажиллагаагаа явуулна.

Хоёрдугаар бүлэг. ХОЛБООНЫ ЗОРИЛГО

 

2.1.     Гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, нийгэм, эдийн засаг, оюуны эрх ашгийг хангахын төлөөх нэгдмэл нэг байгууллага байх,

2.2.     Боловсрол, шинжлэх ухааны байгууллагыг хувьчлагдахаас хамгаалах,

2.3.     Гишүүдийнхээ цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг стандарт шаардлагын түвшинд хүргэх, ажлын цаг, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах, баталгаажуулах,

2.4.     Гишүүдийнхээ ашиг сонирхолд нийцсэн хууль тогтоомжийг санаачлах, боловсруулж батлуулахад идэвхтэй нөлөөлөх, дэмжих,

2.5.     Монгол улсын Үндсэн хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор ҮЭ-үүдэд зөвшөөрсөн үйл ажиллагааг явуулах,

2.6.     Боловсрол, шинжлэх ухаан болон эрдэм шинжилгээ, судалгаа, сурган хүмүүжүүлэх ажилтай холбогдох бүхий л асуудалд идэвхтэй нөлөөлж, төлөвлөх, зохицуулахад оролцдог, дэмжин хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний байгууллага байх,

2.7.     Мэргэжлийн ёс зүйг сахихад гишүүддээ дэмжлэг үзүүлэх, нэр төрийг нь хамгаалахын төлөө ажиллах,

2.8.     Бүх түвшинд байгуулах хамтын гэрээ, хэлэлцээрийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, үр дүнг дээшлүүлэх явдал болно.

 

Гуравдугаар бүлэг. ГИШҮҮНЧЛЭЛ

 

3.1.        Энэ дүрмийг хүлээн зөвшөөрч буй, өөрийн болон бусад гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон ашиг сонирхлоо нэгдэж, хамгаалахыг хүссэн  боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан нь сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэж аль нэг хороо, бүлэгт харьяалагдана.

3.2.        ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга нь шинээр элссэн ажилтныг гишүүдийн бүртгэлд бүртгэн авч, батлах олгоно.

3.3.        Гишүүд нь нэг загварын батлахтай байна.

3.4.        Холбооны дүрэм зөрчсөн гишүүний талаар гомдол хүлээн авангуут түүнд өөрийгөө өмгөөлөх боломж олгож, хууль дүрмийн дагуу шалгах бөгөөд хэрэв гишүүн буруутай болох нь тогтоогдвол бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, ҮЭ-ээс хасах хүртэл зохих арга хэмжээг авна.

3.5.        Бусад ҮЭ-ийн холбооны гишүүн нь Холбоонд давхар гишүүнчлэлтэй байж болохгүй.

3.6.        Гишүүний эрх

3.6.1.   ҮЭ-ийн бүх гишүүдийн хуралд оролцох, санал өгөх,

3.6.2.   ҮЭ-ийн удирдах байгууллагад  сонгох, сонгогдох,

3.6.3.   Сургалт, семинарт оролцох,

3.6.4.   Хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах, нийгмийн баталгаагаа хангуулах асуудлаар ҮЭ-ийн байгууллагад хандах, мэдээлэл авах, хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа дэмжлэг авах,

3.6.5.   ҮЭ-ийн бодлого, үйл ажиллагаа, бусад гишүүдийн талаар санал, гомдол гаргах.

3.7.    Гишүүний үүрэг

3.7.1.   Холбооны дүрмийг сахин биелүүлж, ҮЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөрсдийн гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хянах,

3.7.2.   Гишүүний татварыг тогтоосон хэмжээгээр тогтмол хураалгах,

3.7.3.   Хууль ёсыг дээдлэн сахиж, шударга хөдөлмөрлөхийн зэрэгцээ хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах, ҮЭ-ийн эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй тэмцэх,

3.7.4.   Бусад гишүүдийн тэгш эрхийг хүндэтгэх,

3.7.5.   Энх тайван, эрх чөлөө, ардчиллын төлөө аливаа улс үндэстний тэмцэл хөдөлгөөнийг дэмжих.

 

Дөрөвдүгээр бүлэг. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

4.1.    Холбоо нь дараах бүтэцтэй байна.

4.1.1.   ҮЭ-ийн хороо, хороо нь бүлэгтэй байж болно.

4.1.2.   Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо

4.2.    Холбооны удирдах дээд байгууллага нь Холбооны Бага хурал байна.

4.3.    Бага хурал нь 4 жилд нэг удаа тухайн жилийн 3-5-р сард багтаж хуралдана.

4.4.    Бага хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоог Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас батлах бөгөөд товыг 2 сарын өмнө зарлана.

4.5.    Бага хурлаар хэлэлцэх баримт бичгийн төслийг Гүйцэтгэх зөвлөл, Гүйцэтгэх хорооноос оруулна.

4.6.    Бага хурлаар хэлэлцэх асуудал, баримт бичгийн төслүүдийг хурлаас 7 хоногийн өмнө хороодод хүргүүлнэ.

4.7.    Бага хуралд хороодын 80-100 гишүүн тутмаас 1 төлөөлөгчийг, үүнээс дээшхи 100 гишүүн тутмаас нэг төлөөлөгчийг нэмж сонгоно. 80-аас доош гишүүдтэй хороод бүх гишүүдийн төлөөллийн хамтарсан хурлаар, 80-100 гишүүдтэй хороод бүх гишүүдийн хурлаар, 1000-аас дээш гишүүдтэй хороод бүх гишүүдийн төлөөллийн хурлаар бага хурлын төлөөлөгчөө сонгоно.

4.8.    Төлөөлөгчдийн тоог гишүүдийн нэрчилсэн бүртгэл, татварын тооцоог үндэслэн тогтооно.

4.9.    Сонгогдсон төлөөлөгч хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй бол дараагийн хамгийн олон санал авсан гишүүн төлөөлөгчөөр оролцоно.

4.10. Бага хурлын төлөөлөгчийг нууц санал хураалтаар сонгоно.

4.11. Бага хуралд сонгогдсон төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь ирсэн тохиолдолд  хурлыг хүчинтэйд тооцно.

4.12. Бага хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

4.12.1.Холбооны хөгжлийн стратеги зорилт, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж батална.

4.12.2.Холбооны Гүйцэтгэх хороог 11 хүний бүрэлдхүүнтэй сонгоно.

Үүнд: Дарга, дэд дарга, ЕБС-ийн 4, их, дээд сургуулийн 1, мэргэжлийн сургуулийн 1, цэцэрлэгийн 2 төлөөлөл, орон нутгийн 1 төлөөлөл  тус тус байна.

4.12.3.Гишүүний татварын хэмжээг тогтооно.

4.12.4.Хяналтын хороогоор шалгуулсан холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэнэ.

4.12.5.Дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батална.

4.12.6.Хяналтын хорооны дарга, гишүүдийг сонгоно. Хяналтын хороо 7 хүний бүрэлдхүүнтэй байна.

4.12.7.    Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг батлана.

4.12.8.Хэлэлцэх асуудалд туссан бусад асуудлыг хэлэлцэнэ.

4.12.9.Шаардлага гарвал мэргэжлийн чиглэлээр салбар хуралдаан хийнэ.

4.12.10. Монголын ҮЭ-ийн Холбооны Их хуралд төлөөлөгчөө сонгоно.

4.13. Холбоо нь орон тооны дарга, орон тооны бус дэд дарга гэсэн сонгуульт удирдах ажилтнуудтай байна.

4.14. Холбооны сонгуульт удирдах ажилтан нь:

4.14.1.    Сүүлийн 10 сар татвар төлсөн холбооны гишүүн байх,

4.14.2.    Хөдөлмөрийн насны байх,

4.14.3.    Монгол улсын иргэн байх,

4.14.4.    3-аас доошгүй жил боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласан байх,

4.14.5.    Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх,

4.14.6.    Улс төрийн намын удирдлагад сонгогдоогүй байх шалгуурыг хангасан байна.

4.15. Сонгуульт удирдах ажилтнууд нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй.

4.16.   Холбооны ээлжит бус бага хурлыг хуралдуулах тухай асуудлыг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ.

4.17. Шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг хуралдуулж ээлжит бус бага хурлын товыг зарлана.

 

Тавдугаар бүлэг. ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ

 

5.1.    Бага хурлуудын хооронд холбооны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Гүйцэтгэх зөвлөл хэрэгжүүлнэ.

5.2.    Гүйцэтгэх зөвлөл жил тутам 1-р улиралд багтаж хуралдана.

5.3.    Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд:

5.3.1.   Гүйцэтгэх хорооны 11 гишүүн,

5.3.2.   Хяналтын хорооны 7 гишүүн,

5.3.3.   300 гишүүн тутмаас 1 төлөөлөл орно.

 

5.4.    Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар:

 

5.4.1.     Хяналтын хороогоор шалгуулсан холбооны жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.

5.4.2.     Гүйцэтгэх хороогоор хэлэлцүүлсэн төсвийг хэлэлцэж батална.

5.4.3.     Хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах асуудлууд, Гүйцэтгэх хороонд өгөх бодлогын зөвлөмж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг санал болгоно.

5.4.4.     Байнгын хороодын бүрэлдэхүүнийг батална.

5.4.5.     Нөхөн сонгууль явуулна.

5.4.6.     Холбоо нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх болон бусад  хөрөнгийг эзэмших, ашиглах, актлах, захиран зарцуулах асуудлыг хэлэлцэнэ.

5.4.7.     Маргаантай байгаа ҮЭ-ийн хороог холбооны гишүүнээс гаргах эсэх тухай асуудлыг ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн хурлын протокол тогтоолыг үндэслэж шийдвэрлэнэ.

5.4.8.     Бага хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсгүүдийг байгуулна.

5.4.9.     МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгоно.

5.4.10.  Тулгамдсан бусад асуудлыг хэлэлцэнэ.

5.5.    Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирсэн тохиолдолд хурал хүчин төгөлдөр байна.

5.6.    Гүйцэтгэх зөвлөлийн хурлын зарыг 7 хоногийн өмнө хэлэлцэх асуудал, материалуудын хамт гишүүдэд хүргүүлнэ.

5.7.    Бага хурлуудын хооронд дүрмээр зохицуулаагүй асуудлуудыг тодорхойлох, дүрмийг тайлбарлах эрхтэй.

5.8.    Холбооны сонгуульт удирдах ажилтнуудад зөвлөмж, чиглэл, анхааруулга, хугацаатай үүрэг, заавар өгнө.

5.9.    Холбооны мөнгөн хөрөнгө, өмч хөрөнгийг буруугаар зарцуулсан нь хяналтын хорооны шалгалтаар тогтоогдсон орон тооны болон сонгуульт ажилтнуудад хариуцлага тооцож, учруулсан хохирлыг барагдуулахыг Гүйцэтгэх хороонд үүрэг болгоно.

5.10. Холбооны ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийсэн, нэр хүндийг гутаасан ,дүрэм зөрчсөн, хамтын шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, шударга бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон тохиолдолд ажилтныг ажлаас халах, сонгуульт ажилтныг албан тушаалаас огцруулах хүртэлх арга хэмжээг авна.

5.11. Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хурлыг Гүйцэтгэх хорооны шийдвэрээр эсвэл Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн олонхи бичгээр шаардвал зарлан хуралдуулна.

5.12. Гүйцэтгэх зөвлөл нь бага хурлын дараа хуралдаж дараах байнгын хороодод гишүүдээ хуваарилан ажлаа зохион байгуулна.Үүнд:

5.12.1.Хүний эрх ба ҮЭ-ийн эрх, зохион байгуулалтын байнгын хороо,

5.12.2.Нийгэм эдийн засаг, төсвийн байнгын хороо,

5.12.3.Салбарын бодлого, зохицуулалтын байнгын хороо,

5.12.4.Төслийн байнгын хороо,

5.12.5.Эмэгтэйчүүдийн байнгын хороо,

5.12.6.Хүүхэд залуучуудын байнгын хороо,

5.13. Гүйцэтгэх хороо нь шаардлага гарвал бусад байнгын хороог Гүйцэтгэх хорооны шийдвэрээр байгуулж болно.

Зургаадугаар бүлэг. ГҮЙЦЭТГЭХ ХОРОО БА СОНГУУЛЬТ
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

 

6.1.    Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны хооронд Гүйцэтгэх хороо холбоог удирдана.

6.2.    Холбооны гүйцэтгэх хорооны 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна.

6.3.    Гүйцэтгэх хороо жилд 10-аас доошгүй удаа хуралдана.

6.4.    Гүйцэтгэх хорооны дараалсан 3 хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй гишүүн Гүйцэтгэх хорооны гишүүнээс хасагдсанд тооцно.

6.5.    Дарга, Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонхийн саналаар шаардлагатай үед Гүйцэтгэх хорооны хурлыг хуралдуулна.

6.6.    Гүйцэтгэх хороо дараах  үүрэг хүлээнэ:

6.6.1.       Шаардлагатай гэж үзвэл хууль, эдийн засаг ба боловсролын асуудлаарх зөвлөхүүд ажилтныг гэрээгээр ажиллуулна.

6.6.2.       Байнгын хороодын ажиллах журмыг батлана.

6.6.3.       Гүйцэтгэх хорооны гишүүдийг ажлын хэсэг, түр хороонд томилон ажиллуулна.

6.6.4.       Бусад байгууллага дахь холбооны төлөөлөл, ажлын хэсэг, МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлд сонгогдсон гишүүдийн мэдээлэл, гадаад томилолтын тайланг сонсож хэлэлцэнэ.

6.6.5.       Нийгэм, эдийн засгийн төсвийн хорооноос санал болгосон төсвийн төслийг хэлэлцэж Гүйцэтгэх зөвлөлийн хуралд оруулна.

6.6.6.       Холбооноос явуулсан үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд тавина.

6.6.7.       Холбооны санхүүгийн хагас, бүтэн жилийн тайланг авч хэлэлцэнэ.

6.6.8.       Холбоонд хэрэгжиж буй төслүүдийн явцын ба санхүүгийн тайланг хагас жил тутамд хэлэлцэнэ.

6.6.9.       Үйл ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэр гаргана.

6.6.10.    Гүйцэтгэх хорооны гишүүдийн гуравны хоёр нь шаардсан тохиолдолд ээлжит бус бага хурал хуралдуулах саналыг Гүйцэтгэх зөвлөлд тавина.

6.6.11.    Орон тооны ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд авах, ажлаас халах тухай шийдвэр гаргана.

6.6.12.    Бусад асуудлыг хэлэлцэнэ.

6.7.    Холбооны Даргын үүрэг:

6.7.1.       Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан, гүйцэтгэх хорооны хурлыг даргална. Санал тэнцсэн тохиолдолд даргын санал шийдвэрлэх үүрэгтэй байна. Хурлын протоколтой танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулна.

6.7.2.       Холбооны бодлого, хөтөлбөрүүдээс урган гарч буй асуудлуудын талаар үндэсний хэмжээнд байр сууриа илэрхийлэх, шаардлагатай үед төрөл бүрийн кампанит ажил, тэмцлийг зохион байгуулж, үр дүнд хүргэхийн төлөө ажиллана.

6.7.3.       Холбооны бүх түвшинд хэрэгжиж байгаа ажлыг олон нийтэд, ялангуяа гишүүдэд мэдээлж сурталчилна.

6.7.4.       Дарга нь Гүйцэтгэх хороотой хэлэлцэн зөвшилцөж, тэдний өмнөөс Бага хуралд тайлан тавина. Бага хуралд тавих тайлан илтгэлийн төслөө Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан байна.

6.7.5.       Холбооны дүрмийн биелэлтэнд хяналт тавина.

6.7.6.       Олон улсын төслийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавина.

6.7.7.       Холбоо, хороодын эв санааны нэгдлийг хангаж ажиллана.

6.7.8.       Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлнэ. Засгийн газар, ажил олгогчидтой нийгмийн түншлэлийн хүрээнд зөвшилцөж ажиллана.

6.7.9.       Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

6.7.10.    Хүний нөөцийн бодлогыг боловсруулж, холбоог боловсон хүчнээр бэхжүүлнэ.

6.7.11.    Үйл ажиллагааны төлөвлөгөөг хагас жилээр хийж, Гүйцэтгэх хороогоор батлуулан хэрэгжүүлнэ.

6.7.12.    Холбооны ажлын албанд хөдөлмөрийн болон бусад гэрээгээр ажиллах ажилтнуудтай гэрээ байгуулж, өдөр тутмын удирдлагаар хангаж, ажлын үр дүнг тооцож ажиллана.

6.8.        Дэд дарга даргыг эзгүйд түр орлоно.

 

6.9.    Хууль, дүрэм зөрчсөн буюу ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг шалтгаанаар Холбооны дарга, дэд дарга нарыг хугацаанаас нь өмнө огцруулахыг гишүүдийн 50-аас дээш хувийг төлөөлсөн хороодын төлөөллийн хурал, эсвэл гүйцэтгэх зөвлөлийн гуравны хоёроос доошгүй нь шаардвал гүйцэтгэх зөвлөл ээлжит бус бага хурал зарлан хуралдуулж, асуудлыг шийдвэрлэнэ.

 

Долоодугаар бүлэг. ҮЭ-ИЙН ХОРООД БА БҮЛГҮҮД

 

7.1.    ҮЭ-ийн хороо, бүлэг нь холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ҮЭ-ийн үндсэн нэгж юм.

7.2.    1000-аас дээш гишүүнтэй хороод 20 гишүүн тутмаас 1 төлөөлөлтэй бүх гишүүдийн төлөөллийн хурал хийнэ.

7.3.    ҮЭ-ийн хороо нь хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд байх ба гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэлтэй байна.

7.4.    ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга, гүйцэтгэх хорооны гишүүд, хяналтын хорооны дарга, гишүүд нь бүх гишүүдийн болон бүх гишүүдийн төлөөллийн хурлаас 3 жил тутамд нууц санал хураалтаар сонгогдоно.

7.5.    ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга нь бүх гишүүдийн болон бүх гишүүдийн төлөөллийн хурлыг удирдана.

7.6.    Жил бүр бүх гишүүдийн болон бүх гишүүдийн төлөөллийн хурлыг хийх ба хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:

7.5.1. Хяналтын хороогоор шалгуулсан үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах,

7.5.2.  Хамтын гэрээний биелэлт, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

7.5.3.  Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв,

7.5.4.  Бусад асуудлыг хэлэлцэнэ.

7.6.   Холбооны бодлого, шийдвэр, үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх, гишүүдийн эрх ашгийг ажлын байранд тууштай хамгаалах үүргийг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороо, бүлэг хүлээх ба шаардлагатай үед тулгамдсан асуудлаар бүх гишүүдийн хурлыг хийнэ.

7.7.    ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга нь энэхүү дүрмийг зөрчсөн гэж гишүүдийн олонхи нь үзвэл бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулж сонгууль явуулна.

7.8.    Хурлаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.

7.9.    ҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн дарга нь ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль ба Холбооны дүрмийн дагуу үйл ажиллагаагаа ажил олгогчоос хараат бус байдлаар бие даан явуулна.

 

Наймдугаар бүлэг. ТАТВАР, САНХҮҮ, ӨМЧ ХӨРӨНГӨ

 

8.1.        Холбооны өмч хөрөнгө нь гишүүдийн татвар, тусламж, хандив болон үндсэн хөрөнгө, бусад орлогоос бүрдэнэ.

8.2.        ҮЭ-ийн гишүүний татвар нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 1 хувиас доошгүй байна.

8.3.        Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 сараас илүү хугацаагаар татвараа төлөөгүй гишүүнийг ҮЭ-ийн гишүүнээс хасагдсанд тооцно.

8.4.        Татварыг бэлэн бусаар /дансаар/ хураана. Данс ҮЭ-ийн байгууллагын нэр дээр байна.

8.5.        ҮЭ-ийн хороод татварын 70 хувийг үйл ажиллагаандаа зарцуулж, 30 хувийг Холбооны дансанд шилжүүлнэ.

8.6.        ҮЭ-ийн хороодын дарга улирал бүрийн эхний арав хоногт багтааж  өмнөх улирлын татварын тооцоог хийнэ.

8.7.        Холбоо, хороод санхүүгийн хувьд бие биенээсээ хараат бус байна.

8.8.        Холбоо, хороодын өмч хөрөнгө, татвар, санхүүгийн үйл ажиллагаанд төр, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч хөндлөнгөөс үл оролцоно. ҮЭ-ийн өмч хөрөнгийг аливаа нэг улс төрийн намын болон бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж болохгүй.

8.9.        Мөнгөн хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Гүйцэтгэх хорооны тогтоолоор нийгэм, соёлын ажил, хамтын тэмцэл, шагнал, урамшуулал, хуулийн зөвлөлгөө, сургалт, цалин хөлс, НДШ, захиргаа, аудит, хурал, цуглаан, мэдээлэл, сурталчилгаа, түрээсийн зардал, гишүүнчлэлтэй ҮЭ-ийн төв болон ОУ-ын байгууллагын татвар, Хяналтын хороо, байнгын хороодын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.

8.10.     Сонгуульт удирдах албан тушаалтнууд ба бүх шатны сонгуультнууд, орон тооны ажилтнууд холбооны эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр эд хөрөнгийг зарах, солих, бусдад дамжуулах эрхгүй.

8.11.     Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ҮЭ-ийн хороодоос хандив, тусламжийн хэмжээг нууц санал хураалтаар тогтоох ба хороод 1 сарын дотор төлөх үүрэгтэй.

8.12.     Холбоо, хороод нь дүрмийн зорилтоо хэрэгжүүлэх, гишүүддээ үйлчлэх зорилгоор нийгмийн үйлчилгээний байгууллага, ажил хаялтын ба даатгалын сангуудыг байгуулан ажиллуулж болно. Гүйцэтгэх зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн сангийн дүрмийг батална.

8.13.     Холбоо нь татвар санхүү, хөрөнгийн зарцуулалтын тухай гишүүддээ жил бүр мэдээлнэ.

8.14.     Даргад урьдчилан мэдэгдэл өгсний дараа гишүүн бүр санхүүгийн тайлан тооцоо, дансыг үзэх эрхтэй.

8.15.     ҮЭ-ийн хороо Гүйцэтгэх хорооныхоо шийдвэрээр үндсэн хөрөнгө худалдан авч эд хөрөнгийн бүртгэлдээ бүртгэн авах ба ҮЭ-ийн хороодын дарга нар өөрчлөгдөхөд ҮЭ-ийн татвар, эд хөрөнгийг зохих дансаар хүлээлцэж байна.

 

Есдүгээр бүлэг. СОНГУУЛЬ

 

9.1.        Холбооны гишүүн сонгуульт албан тушаалд нэр дэвших, нэр дэвшүүлэх эрхтэй.

9.2.        Хурал зохион байгуулах комисс нэр дэвшигчдийн материалыг сонгууль болох өдрөөс 10 хоногийн өмнө хүлээж авна.

9.3.        Холбооны сонгуульт удирдах ажилтанд бага хурал дээр нэр дэвшихийг хориглоно.

9.4.        Сонгууль нууц санал хураалтаар явагдана.

9.5.        Нэр дэвшигчдийг санал хураалтанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгоно.

9.6.        Гурав ба түүнээс дээш тооны хүн нэр дэвшин анхны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 50.1-ээс дээш хувийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн нэрийг санал өгөх хуудсанд үлдээж,  2 дахь санал хураалт явуулна.

9.7.        Бүрэн эрхийн хугацаа тухайн бага хурал хаахаас эхэлж дараагийн Бага хурал хаах хүртэл үргэлжилнэ.

9.8.        Нэр дэвшигч бүр саналын хуудсыг тоолох явцыг хянах ажиллагчдыг ажиллуулж болно.

9.9.        Саналын хуудас тоолсон дүнг санал хураалт бүрийн дараа тооллогын комиссын тогтоол гарган төлөөлөгчдөөр батлуулна.

9.10.     Саналын хуудсуудыг сонгууль дуусмагц устгана.

Аравдугаар бүлэг. ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

 

10.1.     Бага хурал нь төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн саналаар дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулна.

10.2.     Дүрмийн өөрчлөлтийн саналыг бага хурал хуралдахаас 1 сарын өмнө бүх гишүүдээс авна.  

10.3.     Нэмэлт өөрчлөлтүүд бага хурлаар батлагдмагц хүчин төгөлдөр болно.

 

Арваннэгдүгээр бүлэг. ХОЛБООГ НЭГТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ, ТАТАН БУУЛГАХ

 

11.1.     Холбоог бусад холбоонд нэгтгэх,өөр холбоотой нийлүүлэн шинээр зохион байгуулах, татан буулгах эрх гагцхүү Холбооны бага хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдана. Шаардлагатай гэж үзвэл Холбоог нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах эсэх тухай асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлж, нууцаар санал хурааж, Бага  хуралд ирсэн төлөөлөгчдийн 75-аас доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ.

11.2.     Бага хурлаас Холбоог татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд Холбооны эрх залгамжлагч болон хөрөнгийн асуудлыг Монгол улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

МБШУ-ны ҮЭ-ийн холбооны ээлжит VIII бага хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулан батлав. 2008.05.16

 

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн Холбооны

Хяналтын хорооны дүрэм

 

Энэхүү дүрмээр ҮЭ-үүдийн эрхийн тухай Монгол Улсын хууль, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн Холбооны бодлого, дүрмийн хэрэгжилтэнд тавих хяналтыг тус холбооны хяналтын хорооноос идэвхжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

  1. Холбооны Хяналтын хороо нь Монгол улсын ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, холбооны дүрмийн хэрэгжилтийг холбоо, хороодод шалгаж дүгнэлт өгөх, энэ хүрээнд гарсан маргааныг магадлан шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажлын төлөвлөгөө, удирдамжаа баталж ажиллана.
  2. Холбооны санхүүгийн үйл ажиллагааг хагас жилд нэг удаа шалгаж, үл хөдлөх ба бусад хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж дүгнэлт хийх ба зөрчлийг арилгуулна.
  3. Холбооны санхүүгийн бүх материалуудыг шалгуулах үүргийг дарга хүлээнэ.
  4. Хяналтын хорооны хяналт шалгалт нь Монгол Улсын хуулийг дээдлэн, шударга, ил тод явагдах зарчимд тулгуурлана.
  5. Хяналт шалгалт нь холбооны гүйцэтгэх зөвлөлийн саналыг харгалзах бөгөөд шалгалтад холбогдох баримт бичгийг /гарын үсэг бүхий/ архивт орохуйцаар бэлтгэсэн байна.
  6. Хяналтын хороо нь шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна. Шалгалтын дүнг гүйцэтгэх зөвлөлийн хурал, бага хуралд хэлэлцүүлж зохих тогтоол шийдвэр гаргуулна.
  7. Холбооны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэх саналыг тавьж болно.
  8. Хяналтын хорооны гишүүдээс хүндэтгэн үзэх шалтгаанаар сонгуульт үүргээ биелүүлэх боломжгүй болсон буюу огцруулах тохиолдолд гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд тавьж шийдвэрлүүлнэ.
  9. ҮЭ-ийн гишүүн өөрийн олж мэдсэн санхүүгийн хариуцлагагүй явдлын талаар бичгээр Хяналтын хороонд мэдэгдвэл, шалгаж хариуг бичгээр өгнө.

10. Хяналтын хороо нь дүрмэнд заасан үүргээ биелүүлэхдээ шаардлагатай шийдвэр, тодорхойлолт, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж авах эрхтэй.

11. Хяналтын хорооны гишүүд зарим мэргэжлийн хүмүүсийг туслалцуулах зорилгоор шалгалтад оролцуулна.

12. Хяналт шалгалтад оролцсон хүмүүст зохих ажлын хөлс, урамшуулал олгоно.

13. Шалгалтын дүнтэй холбогдуулан зохих шийдвэр /тогтоол/ гаргах ба ҮЭ-ийн гишүүдэд мэдээлнэ.

14. Хяналтын хорооны үйл ажиллагаа явуулахад шаардагдах ажлын байр, холбоо, унаа болон бусад хангамжийн асуудлыг холбоо хариуцна.

 

Зохиогчийн эрх © “БАРИЛГЫН ПОЛИТЕХНИK КОЛЛЕЖ”-д хамаарна.
Бүх эрх хамгаалагдсан. 2016 он
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун 4-н зам,
Шуудан:
Монгол шуудан - 44, шуудангийн хайрцаг - 660
Утас:
7720 0506, 7720 8969
Факс:
(+976) 11-322797
И-мэйл:
cpc@cc.edu.mn