Алба, хэлтэс
Салбар, нэгжүүд
мэргэжил, сургалт
e-TVET 1.0 систем
харилцагчид

Улс орны хөгжлийн үе шатанд төр засгаас барилгын салбарыг хөгжүүлэх түүнийг үндэсний боловсон хүчнээр бэхжүүлэх талаар авсан олон талт арга хэмжээнүүдийн нэг нь анх 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд 22 оюутантай Барилгын салбар байгуулж улмаар 1960 онд 4 салбар 540 оюутантай Барилгын техникум болгон өргөжүүлэн зохион байгуулсан явдал юм.

1964 онд УААА-н салбаруудыг мэргэжилтэй ажилчнаар хангах зорилгоор анхны ТМС-иудыг шинээр байгуулж эхлэхэд Барилгын техникумын дэргэдэх сургууль курсыг Барилгын 1 дүгээр ТМС болон гадаадад бэлтгэж байсан Барилгын мэргэжилтэй ажилчдыг эх орондоо бэлтгэж эхэлжээ.

1970 –аад оны үед Барилгын материалын үйлдвэрүүд олноор байгуулагдаж байхад тэднийг мэргэжилтэй ажилчнаар хагах асуудлыг бие даасан сургуулиар бэлтгэх шаардлага зүй ёсоор урган гарсан тул 1974 онд Барилгын материалын техник мэргэжлийн 2 дугаар дунд сургуулийг шинээр байгуулсан байна.

Ийнхүү Улаанбаатар хотын Барилгын техникум, Барилгын техник мэргэжлийн 1 дүгээр дунд сургууль, Барилгын материалын техник мэргэжлийн 2 дугаар дунд сургууль гэсэн багшлах боловсон хүчин материаллаг баазын хувьд бүрэн бэхжсэн 3 томхон сургууль улс орны барилгын салбарыг мэргэжилтэй ажилчнаар хангах их үйлсэнд нэмэр хандиваа оруулсаар 1990 онтой золгосон юм.

Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж хуучин нийгмийн тогтолцоог халж шинэ арчилсан нийгэм байгуулах явцад барилга болон Ардын боловсролын салбарт гарсан өөрчлөлт, шинэчлэлттэй уялдан сүүлийн жилүүдэд эдгээр сургуулиудын бүтэц зохион байгуулалтанд ихээхэн өөрчлөлт орж 1990 онд Улаанбаатар хотын Барилгын техникумыг Барилгын Материалын техник мэргэжлийн 2 дугаар сургуультай нэгтгэж Барилгын сургалтын төв, 1994 онд Барилгын сургалтын төвийг Барилгын техник мэргэжлийн 1 дүгээр дунд сургуультай нэгтгэн Барилгын сургууль болгон бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх явцад сургуулийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, сургалтын агуулгыг их дээд сургуулийн тухайн мэргэжлийн сургалттай уялдуулан холбож шатлан суралцах нөхцлийг хангах зорилгоор ШУБ –ын сайдын 1996 оны 6 дугаар сарын 208 тоот тушаалаар шаталсан сургалттай Барилгын коллеж болгон өргөтгөсөн.

"Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөх тухай" Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 15 дугаар тогтоол, "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагуудын өөрчлөн байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" БСШУЯ-ны сайдын 2010 оны 319 тоот тушаалаар 2010 оны 07 сарын 01 өдрөөс эхлэн О.Тлейханы нэрэмжит Барилгын коллежийг ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь "Политехник коллеж" нэртэйгээр өөрчлөн байгууллаа.

    Ингэснээр манай сургууль нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа бөгөөд мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн 5 мэргэжлээр сургалт явуулж эхэллээ.

Тус сургууль байгуулагдсанаас хойшхи 50 гаруй жилийн хугацаанд нийт 8500 гаруй тусгай дунд боловсролтой техникч, 20000 гаруй барилгын нарийн мэргэжилтэй ажилчин дипломын дээд боловсролтой инженер бэлтгэн гаргасан нь өнөөдөр эх орны барилгын болон бусад салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байгаагийн дотор хөдөлмөрийн баатар Б. Цогоо, С. Хэрлэн, А. Зайтан, Б. Дорж, гавъяат багш С. Бор, Урлагийн гавъяат зүтгэлтэн Гунгаасүх зэрэг олон арван алдарт суутнууд төрөн гарсан юм.

 

  1. I.     Барилга байгууламж материаллаг нөхцөл.

 

Тус сургууль нь Улаанбаатар хотын төв хэсэгт Баянгол дүүргийн 17 дугаар  хорооны нутаг дэвсгэр Баруун дөрвөн зам, Энхтайваны өргөн чөлөөнд байрладаг.

1960 онд баригдан ашиглалтад орсон хичээлийн төв байр, 1978 онд ашиглалтад орсон лабораторийн өргөтгөл, 1976 онд аж ахуйн аргаар барьсан дадлагын газар, 1962 онд ашиглалтанд орсон 300 оюутны дотуур байртай 1,4 га талбайг эзлэн оршдог.

Сургуулийн хэмжээнд кабинет лаборатори байгуулж хичээл сургалтын ажил явуулахад зориулагдсан 60-аас дээш м2 талбайтай 4 цонхтой 19,45-аас дээш м2 талбайтай 3 цонхтой, 30–аас дээш м2 талбайтай 31 цонхтой нийт 62 өрөө тасалгаанд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Спорт заал, хурлын танхим, номын сан, цайны газартайн зэрэгцээ дадлагын 13 газар, мэргэжлийн онолын 22 танхим, ерөнхий эрдмийн 20 кабинет лаборатори байрлаж байна.

Тус сургууль нь сургалт, хүмүүжлийн ажлыг явуулах таатай орчин нөхцлийг хангахуйц, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлаг хангасан барилга байгууламжтай. Багш сурган хүмүүжүүлэгчид орчин үеийн техник, технологоор тоноглогдсон анги кабинет сургалт явуулдаг бөгөөд сургалтад шаардагдах гарын авлага үзүүлэн тараах материалаар хангагдсан.

Зохиогчийн эрх © “БАРИЛГЫН ПОЛИТЕХНИK КОЛЛЕЖ”-д хамаарна.
Бүх эрх хамгаалагдсан. 2016 он
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун 4-н зам,
Шуудан:
Монгол шуудан - 44, шуудангийн хайрцаг - 660
Утас:
7720 0506, 7720 8969
Факс:
(+976) 11-322797
И-мэйл:
cpc@cc.edu.mn